ТББ-ийн танилцуулга

Байгууллага нь доорх үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  1. Хүүхдийн боловсрол
  2. Хүүхдийн хөгжил
  3. Байгаль орчин хамгаалал

 

Хүүхдийн боловсрол

Бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох Тэмүүлэл, Афлатон хөтөлбөр

ТББ нь олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2009 оноос нийгмийн болон санхүүгийн боловсролын хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж эхэлсэн юм.

8-13 насны хүүхдүүдэд хүүхэд төвтэй сургалтын аргаар нийгмийн болон санхүүгийн боловсрол олгож өөртөө итгэлтэй, нийгмийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлхэд чиглэгдсэн Афлатон хөтөлбөрийг 2010 оноос эхлэн санаачлан хэрэгжүүлж эхэлсэн ба энэхүү сургалтаар хүүхэд өөрийгөө танин мэдэж, авъяас чадвараа хөгжүүлэх, эрхээ эдэлж үүргээ ухамсарлах, мөнгө болон бусад баялгийг зөв зарцуулах, хуримтлуулах, төсөвлөж төлөвлөх, нийгмийн болон санхүүгийн үйл ажиллагааг өөрсдийн санаачилгаар зохион байгуулах чадварыг эзэмшдэг бөгөөд 2016 оны байдлаар нийт 30 сургууль, 120 сургагч багш, 16,000 хүүхдэд амжилттай хүргээд байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2 шатны тус бүр 30 цагийн хичээлтэй хөтөлбөрийг боловсруулан, 2 шатны сурагчийн болон багшийн гарын авлагыг боловсруулан гаргасан байна.  

Мөн 14-18 насны хүүхдүүдийг өсвөр наснаас нь мөнгөтэй харьцаж сургах, мөнгийг зөв удирдаж өөрийн ирээдүйд хувь нэмэр оруулах, хариуцлагатай иргэн болгон төлөвшихэд туслах зорилготой өсвөр үеийнхэнд зориулсан “Тэмүүлэл” санхүүгийн боловсролын хөтөлбөрийг санаачилан 2009 оноос өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд 2016 оны байдлаар нийт 110 сургууль, 200 орчим сургагч багш, 26,500 өсвөр насныханд хөтөлбөрөө хүргээд байна. 

2015-2017 онд Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ нь “Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийн агуулгыг боловсруулах болон хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хамтран ажилласан байна. Үүний үр дүнд ХасБанкны санаачилан Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж эхэлсэн хүүхэд залуучуудын санхүүгийн боловсролын хөтөлбөр үндэсний боловсролын хөтөлбөрт хичээлийн төрөл болон орох боломж бүрдэж монгол хүүхэд бүр санхүүгийн боловсрол эзэмших эхлэл тавигдаж байна.

 

Хүүхдийн хөгжил чиглэлээр

Холбоо нь байгуулагдсан цагаасаа эхлэн Авьяастан хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөр нь  амьдралын нөхцөл боломж тааруу боловч урлаг, спортын гоц авъяастай хүүхдүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд нийт 23 авъяастан хүүхдүүдтэй урт хугацааны гэрээ байгуулан хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн байна. Эдгээрээс дэлхийн өсвөрийн шатрын аварга тамирчин, цомын аварга даамчин, Болор цомын шагналт ая зохиогч, улсын олон удаагийн аварга тамирчин, урлагийн авъяастнууд төрөн гарсан байна.

 

Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр хөдөө орон нутагт санаачилан хэрэгжүүлж байгаа хүүхэд залуучуудын урлаг, спортын үйл ажиллагааг дэмжиж өнөөгийн байдлаар 8 аймагт урлаг спортын уламжлал болгон явуулдаг үйл ажиллагаатай болоод байна. 13 жилийн хугацаанд 100 гаруй мянган хүүхдүүд энэ үйл ажиллагааны үр шимийг хүртсэн байна.

 

Байгаль орчны чиглэлээр

Холбоо нь байгуулагдсан цагаасаа эхлэн байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Үүнээс дурдвал: 2006 оноос эхлэн “Төгөл” төслөө санаачлан хэрэгжүүлж өнөөгийн байдлаар 21 томоохон суурин газруудад ногоон төгөл байгуулж давхардсан тоогоор 26-н төгөлтэй болоод байна. Төгөл төслийн хүрээнд нийт 17 мянган мод бутыг суулгаж, суулгацын ургалтыг 87 хувьд хүргэж чадсан байна.

 

Сүүлийн жилүүдийн үйл ажиллагаанаас дурьдвал:

  • 2010онд Төслийн хүрээнд нийт 8.7 сая төгрөг зарцуулж, 4000гаруй модны суулгац тарьж 1875 хүн үйл ажиллагаанд хамрагдсан.
  • 2011оны хавар 5 газар төгөл байгуулж 830 мод бут суулгаж, зүлэгжүүлэх тохижилтийн ажил хийгдэж 2.8сая төгрөг зарцуулсан
  • 2012оны хавар давхардсан тоогоор 8 төгөлийг байгуулж 1500орчим иргэд оролцож, нийт 10.5сая төгрөгийн сан бүрдүүлж зарцуулсан байна.
  • 2013оны хавар давхардсан тоогоор 6 төгөлийг байгуулж 1300орчим иргэд оролцож 47сая төгрөгийн сан бүрдүүлж зарцуулсан байна
  • 2014оны хавар давхардсан тоогоор 8 төгөлийг байгуулж 6871 мод бут суулгаж, 500 гаруй иргэд оролцож, нийт 2,035,000төгрөг зарцуулсан байна.
  • 2012-2014 онд Тэнгэр Группын компаниудын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч амьдрах орчин сайжруулах зорилготой шат дараалсан төслийг хэрэгжүүлж 29-р сургуулийн дотуур байрны талбайг тохижуулж цэцэрлэгжүүлсэн байна.
  • 2015 онд нийслэл болон хөдөө орон нутагт 3 төгөл, Улаанбаатар хотод 1 төгөлийг шинээр нэмж байгуулан 3600 мод, бут суулгасан ба энэхүү үйл ажиллагаанд 1000 гаруй сайн дурын гишүүд, иргэд хамрагдсан байна. Төгөл төслийн үйл ажиллагаанд 4,500,000 орчим төгрөгийн сан бүрдүүлж зарцуулсан байна.
  • 2016 онд хөдөө орон нутагт 3 төгөлийг шинээр, 1 төгөлийг сайжруулах ажлыг зохион байгуулж 300 гаруй идэвхтэн гишүүд оролцож 1,500,000 төгрөг зарцуулсан байна.

 

Мөн Төгөл төслийн хүрээнд Франц улсын Каритас Монгол төсөлтэй хамтран Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийн дотуур байртай хамтран Ногоон хүлэмжийн төслийг хэрэгжүүлж 2 удаагийн сургалт зохион байгуулж 3 улирлын Ногоон хүлэмжийг өөрсдийн хүчээр байгуулж 3 удаагийн ургац авсан төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан эх дэлхийдээ ээлтэй аж ахуй эрхлэх хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

 

Бусад:

Холбоо нь 2012 оноос Насанд хүрэгчдийн амьдрах ухааны сургалтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж хөтөлбөрийн хүрээнд нийт 2700 насанд хүрэгчдэд амьдрах ухаан, хувь хүн болон өрхийн санхүүгийн боловсрол, хэрэгцээ хүсэл хоёроо ялгах нь,  зардлаа тооцож төсвөө хийж суръя, хүүхэдтэйгээ санхүүгийн асуудлаар хэрхэн харилцах, ногоон хэрэглээг өөрөөсөө эхэлье зэрэг амьдрах ухааны сургалтуудыг нийт Дорноговь, Говьсүмбэр, Дорнод, Хэнтий, Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар, Булган, Өвөрхангай аймгийн төвүүд, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Дорноговь аймгийн Замын Үүд сумуудад зохион байгуулсан байна.

 

Холбоо нь нийт 20 гаруй олон улсын болон дотоодын байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг байгууллага юм.

 

Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ