ТББ-ийн танилцуулга

Холбооны түүх:

ХасБанкны нэр бүхий 21 ажилтан нийгэмд ашиг тустай үйлс бүтээхэд хувь нэмрээ оруулах зорилгоор эх болсон байгаль дэлхий, ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууддаа туслахаар санаа зориг нэгдэн, ХасБанкны 209 ажилтны дэмжлэгийг авч, нийт 230 гишүүнтэйгээр Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-ыг 2003 оны 8 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан юм.

ХасБанкны Гүйцэтгэх захирал, Холбооны анхны Удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг төрийн бус байгууллагадаа ХасБанкны үүсгэн байгуулагдсны үндэс суурь болсон “Хөгжлийн Алтан Сан” хэмээх нэрийг логоны хамтаар өгөх санаачилгыг гаргасан юм.

Холбоо 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж, Холбооны нийгэмд чиглэсэн ажлын гараа Чингэлтэй дүүргийн иргэн Очирбаатарын хүүхдийн эмчилгээнд зориулан 100,000 төгрөг өгснөөр эхэлсэн.

Түүхэн товчоон:

2004 оны онцлох үйл явдал

–          Бидний анхны зохион байгуулсан хамгийн том ажил бол АНУ-ын Мерси Кор төрийн бус байгууллагатай хамтран “Гурван голоо цэвэрлэхэд 300 сая төгрөг зарцуулъя” нэртэй Туул, Сэлбэ, Дунд голын орчим хог хаягдлыг цэвэрлэх ажил байсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд 1,000 орчим иргэн сайн дураараа оролцож байлаа.

2005 оны онцлох үйл явдал

–          Хүүхдийн байгууллагын 80-н жилийн ой болон хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан ХасБанк, Хүүхдийн төлөө Yндэсний газартай хамтран  Ерөнхий сайд Амарын гудамжинд “Багачуудын хотхон”  арга хэмжээг зохион байгууллаа.

2006 оны онцлох үйл явдал

–          Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний сурч, боловсрох, эрүүл чийрэг байх нөхцөлийг хангах үүднээс 2006 оноос эхлэн орон даяар заалны хөлбөмбөгийн “Дуулиан-2020” нэртэй урт хугацааны туршид хэрэгжих төслийг санаачлан амжилттай явуулж байна.

–          Хүнд өвчинд нэрвэгдсэн О.Мөнхбат хүүд эмчилгээний зардлыг цуглуулах зорилгоор нийт гишүүдийн дунд хандив цуглуулах аяныг зохион байгуулж, 2.5 сая төгрөг бүрдүүлсэн бөгөөд Холбооноос О.Мөнхбат хүүд 250.000 төгрөгийн туслалцаа үзүүлж, гишүүдээс цугларсан хандивыг хүргэж өглөө. Хүүгийн БНХАУ-ын Хөх хотод хийгдсэн эмчилгээ амжилттай болсон юм.

–          Өсвөр насны хүүхдүүдийн сагсан бөмбөгийн авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор Мерси Кор олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр, Монголын Сагсан бөмбөгийн холбоотой хамтран “NIKE-Чингисийн өлгий нутгаар” уриан дор өртөөчилсөн гудамжны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг Монгол Улсын нийт 80 сумын нутгаар жилийн турш зохион байгуулагдсан бөгөөд нийт 240,000 гаруй хүүхэд, залуучууд хамрагдсан байна.

2007 оны онцлох үйл явдал

–          NTV телевизийн “Халуун сэтгэл” аяны хүрээнд нэг гэр бүлийн бүтэн өнчин бөгөөд бага насны 5 хүүхдэд өвлийн дулаалгатай гэр бэлэглэн, жилийн турш хэрэглэх нүүрс, түлээг бэлтгэн өглөө. ХасБанкны ажиллагсад болон гишүүдийн хүчээр тэдгээр хүүхдүүдэд нүүрсний амбаар барьж өгсөн бөгөөд бүгдэд нь хадгаламжийн дэвтэр гардуулан эд хөрөнгийн болон сэтгэл санааны дэм өгөв.

–          Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ундны цэвэр усны эхийн ойр орчмын ногоон байгууламжийг хамгаалах, хог хаягдлыг цэвэрлэх, Тэрэлж, Гачууртын орчмын Туул голын сав газарт ил задгай хаясан хог хаягдлыг цэвэрлэж, цэвэр усны ундаргыг сэргээн цэвэршүүлэх зорилгоор “Ус амьдрал” сэдэвт байгаль орчин, усны нөөцийг хамгаалах аяныг Монгол Улсын Байгаль Орчны Яам, Усны Үндэсний Хороо, Байгаль Орчны Үнэлгээ Эрхлэгчдийн Холбоо төрийн бус байгууллагатай хамтран ХасБанкны дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

2008 оны онцлох үйл явдал

–          Бид Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Төвийн  хүүхдүүдтэй нягт хамтын ажиллагаа явуулдаг бөгөөд тус төвийн хүүхэд багачууд болон мужааны багш, ажиллагсдын хүсэлтээр монгол гэрийн жижигрүүлсэн хувилбар болон модон хүүхэлдэй хийх “Модоор урлах ухаан” төслийг дэмжин хамтран ажиллалаа. Тус төслийн үр дүнд хүүхдүүд модоор урлах ухаанд суралцаж, амьдрах ухааны өчүүхэн ч гэсэн зүйлсээс суралцаж эхэллээ.

–          Бид бүхний хэрэгжүүлсэн том төслийн нэг нь Монголын хүүхдүүдийн сурч хөдөлмөрлөх орчинг сайжруулах, тэдний сургуульдаа ирэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх мөн хүүхэд өөрөө өөрийгөө хөгжүүлэх арга замыг нээж өгөх зорилготой Голланд улсын Лек Ин Ленже-ийн сургуультай хамтарсан нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хонхор дахь 88 дугаар дунд сургууль дээр хэрэгжсэн “Сурагчдаас- Сурагчдад” төсөл байлаа. 2007 онд Лек Ин Ленже-н сургуулийнхан төслөө анх санаачилсан бөгөөд Монголд ирээд буцах хугацаандаа авсан зургууд, хийсэн кино зэргээ ашиглан  мэндчилгээ, DVD болгон худалдаалах гэх мэт санаачлагыг гарган хандив цуглуулж,  нийт 88 дугаар сургуульд зориулж 35,000,000 төгрөгийн  хандив, Голландын засгийн газраас 20,000,000 төгрөгийн дэмжлэг аван нийт 55,000,000 төгрөгийн төсөл хэрэгжүүллээ. Энэхүү төслийн хүрээнд тус сургуульд  компьютерийн иж бүрэн кабинет, хөгжмийн зэмсэг, спортын хэрэгслүүд, шинээр засварласан анги кабинетыг хүлээлгэн өгсөн юм.

2009 оны онцлох үйл явдал

–          Нийгмийн эмзэг болон хүнд нөхцөлд амьдарч байгаа оюуны өндөр чадавхитай хэдий ч алслагдсан хөдөө орон нутагт амьдардаг, санхүүгийн боломж хомс хүүхдүүдийг суралцах нөхцөл бололцоогоор хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Анчин” аяныг 1 сарын хугацаатай зохион байгууллаа. Тус аянд орон нутгийн 35 гаруй хүүхэд хамрагдаж, үйл ажиллагаанд 1,5 сая төгрөг зарцуулсан юм.

–          Хөгжлийн Алтан Сан Холбооны санаачилсан “Ногоон Эх дэлхий Бидний Хариуцлага” уриан дор “Бид хог тарихгүй байж чадна” хог цэвэрлэх болон “Хоёр иргэн Нэг мод” мод тарих аян өрнүүллээ. Аяны хүрээнд 24 байгууллагын 2,000 гаруй иргэд Баянзүрх дүүрэгт орших Улаанбаатар хотын ундны усны эх ундарга болсон Гачуурт, Хужирбулан, Улиастайн нутагт орших Туул голын дагуу 20 гаруй га газрыг хогноос нь цэвэрлэх аянд оролцлоо.

Авъяаслаг боловч амьдралын боломж бололцоо тааруугаас тэмцээн уралдаанд оролцож чадахгүй байгаа шатарчин хүү Э.Болдоог Хөгжлийн Алтан Сан Холбооны нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцуулахаар шийдвэрлэж, нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд дотоод болон гадаадын олон тэмцээн уралдаанд оролцоход дэмжлэг үзүүллээ. Э.Болдоо хүү 2009 оны 11 дүгээр сард Туркийн Анталья хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 9-10 насанд 80 гаруй орны 148 шатарчин өрсөлдсөнөөс 10 дугаар байранд шалгарч, Монголын шатарчдаас хамгийн багадаа олон улсын рейтинг авсан тамирчин болсон.