“АФЛАТОН” ХӨТӨЛБӨР

Афлатон нь 8-13 насны хүүхдэд зориулсан Нийгмийн болон Санхүүгийн Боловсрол олгох хөтөлбөр юм. Анх Энэтхэг улсад хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь одоогоор дэлхийн 90 орны 1 сая гаруй хүүхдэд хүрээд байна. Хөтөлбөрийн зорилго нь шавь төвтэй, оролцооны аргаар хүүхдэд санхүүгийн болон нийгмийн боловсрол олгож өөртөө итгэлтэй, нийгмийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлдэг ба энэ нь хөтөлбөр хэрэгжсэн олон орны туршлагаас батлагдаад байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн сургалтаар хүүхэд өөрийгөө танин мэдэж, авъяас чадвараа хөгжүүлэх, эрхээ эдэлж үүргээ ухамсарлах, мөнгө болон бусад баялгийг зөв зарцуулах, хуримтлуулах, төсөвлөж төлөвлөх, нийгмийн үйл ажиллагааг өөрсдийн санаачилгаар зохион байгуулах чадварыг эзэмшинэ.

Манай орны хувьд 2010 оны III улирлаас тус хөтөлбөрийг ХасБанк, ХАС Холбооны зүгээс хамтран хэрэгжүүлэхээр болсон бөгөөд 8 дугаар сард Сургагч багшийн сургалт, 9 дүгээр сард Багш нарын сургалтыг амжилттайгаар зохион байгуулж 10 дугаар сараас Нийслэлийн болон хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 10 сургуульд Афлатон хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2011-2012 оны хичээлийн жилд хөтөлбөрийг илүү өргөн цар хүрээтэй хэрэгжүүлсэн бөгөөд Улаанбаатар хот, Завхан, Говь-Алтай, Орхон аймгуудад нийт 5000 гаруй хүүхдүүд нийгмийн болон санхүүгийн боловсрол эзэмшсэн байна.

Афлатон хичээл нь заах аргын хувьд шавь төвтэй сургалтын аргууд болох оролцооны арга, хийж бүтээх явцдаа суралцах, хөгжөөнт дасгал, идэвхжүүлэх дасгал наадмын аргаар мэдлэг олгодог онцлогтой. Афлатоны сургалтын хөтөлбөрт хүүхдэд зориулсан дасгал ажлын ном ашигладаг бөгөөд үүнийг Монгол хүүхдийн сэтгэхүйд тохируулан хөтөлбөр хэрэгжүүлэх явцын туршлага дээр үндэслэн шинэчлэн боловсруулаад байна.

Мөн багшид зориулсан гарын авлага болон багшид зориулсан хөгжөөнт дасгалын номыг бэлтгэн гаргаж багш нараа хангаад байна. 2013-2014 онд Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ нь нь ХасБанктай хамтран Афлатон хөтөлбөрийг 15 ерөнхий боловсролын сургууль болон бусад сургалтын төвүүдээр дамжуулан 2520 хүүхдэд амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх шинэ стратеги нь хэрэгжүүлсэн сургуулиудад чадамж үүсгэх зорилготой байсан бөгөөд энэ зорилгодоо хүрч чадсан байна. Сургуулиудад багш нарын баг бүрдсэнээр шинээр хэрэгжих ангийн багш нарт тухайн сургуулийн багш нар сургалтыг бие даан явуулах боломж бүрдсэнээр багш сургах зардал хэмнэгдэж байна.


21

 

Хөтөлбөрийн сургагч багшаар нэмэгдэж орж ирсэн 13 багшид тухайн сургууль дээр нь сургагч багшийн сургалтыг Хөгжлийн Алтан Сан ТББ-ийн мастер сургагч багш С.Оюунчимэг зохион байгуулсан. Мөн хөтөлбөрийн явцад нийт 3 аймагт томилолтоор ажиллаж сургагч багш нарт газар дээр нь сургалт, зөвлөгөө өгсөн байна. Хөтөлбөрт шинээр Хэнтий аймгийн 4-р сургууль нэмэгдэж орж ирсэн бөгөөд тус сургуулийн бага ангийн багш нар хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Тухайн сургуулийн багш нар нь зайны сургалт, зөвлөгөө авсан бөгөөд багшийн гарын авлага, сурагчийн сурах бичиг, багц удирдамжийн тусламжтай сургалтаа амжилттай хэрэгжүүлж чадсан юм. Хөтөлбөрийн хүрээнд нийт 1200 орчим эцэг эхчүүд хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд зохион байгуулагдсан үйл ажиллагаанд оролцож хөтөлбөр болон санхүүгийн үйлчилгээний мэдээлэл авсан байна.

Хөгжлийн Бэрхшээлтэй хүүхдүүдэд хөтөлбөрийг хүргэх ажил энэ жил амжилттай хэрэгжиж Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургуулийн дотуур байранд 100 хүүхэд хөтөлбөрийн 2 дугаар шатны сургалтад хамрагдсан бол 1-р шатны хичээлийг шинээр 90 хүүхэд үзэж нийгмийн болон санхүүгийн боловсрол эзэмшсэн байна.

Хэнтий аймгийн ууган сургуулийн нэг 4-р сургуулийн сурагчид Афлатон хөтөлбөрт хамрагдаж бүтэн жилийн турш нийт 30 цагийн хичээлийг үзэж байна. Сурагчид Афлатоны төрсөн өдрийг тэмдэглэж сурсан мэдсэнээрээ уралдлаа. 2014-2015 оны хичээлийн жилд Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-аас Афлатон хөтөлбөрийг нийт 4 аймаг болон нийслэл хотод нийт 2500 хүүхдэд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2014 оны 9 дүгээр сард нийт 30 багшийн 3 удаагийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулсан төдийгүй алсын зайн сургалтаар 7 багшийг бэлтгэсэн байна. Үүний үр дүнд Өмнөговь аймгийн Цогццэций сумын Мөрөөдөл дунд сургуулийн 4,5 дугаар ангийн сурагчид манай хөтөлбөрт хамрагдаж байна.

Афлатон хөтөлбөрийн сургалтын товч агуулга

  1. Өөрийгөө таньж мэдэх

Хүүхэд өөрийгөө таньж мэдсэнээр өөртөө итгэлтэй болж хамт олныхоо дунд идэвхитэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болдог.

  1. Эрх, үүрэг

Энэ нь НYБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцод (1990) суурилсан бөгөөд хүүхэд эрхээ мэдэж, үүрэг хариуцлагаа ухамсарласнаар гэр бүл, хамт олон, нийгэмтэйгээ ѐс зүйтэй харилцаж сурна.

  1. Хадгалах, зарцуулах

Усаа хэмнэх, байгалийн баялгийг зөв зохистой ашиглах зэрэг нь мөнгө хадгалахтай адил чухал зүйл юм. Хүүхэд зөвхөн мөнгө хадгалах талаар суралцаад зогсохгүй бусад зүйлийг ч гэсэн ариглан гамнах, зөв зохистой ухаалгаар зарцуулахын ач холбогдлыг ойлгоно.

  1. Төлөвлөх, төсөвлөх

Хүүхэд санхүүгийн төлөвлөгөө гаргаж төсөвлөж сурахаас гадна мөн ирээдүйгээ харж, тооцоолох чадвартай болно.

  1. Нийгмийн болон санхүүгийн үйл ажиллагаа

Хүүхдүүд нийгмийн болон санхүүгийн үйл ажиллагаанд оролцох, санаачлах, түүнийг зохион байгуулж сурснаар ирээдүйд нийгмийн хариуцлагатай, санхүүгийн боловсролтой манлайлагчид болж хүмүүжнэ.

Уриа:

“Үнэн худлыг ялган харж,                                                                           Үйлс бүхнээрээ шинийг нээж, сэтгэж, бүтээцгээе”

Дэлгэрэнгүй мэдээллийг Афлатон хөтөлбөрийн мастер сургагч багш С.Оюунчимэг 99098386, 75771888/724/ утсаар холбогдож авна уу.